Манай вэб сайтад зочилж буй танд болон харилцагч, үйлчлүүлэгч, түнш Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.
1998 онд Центрпойнтын эсрэг талд анхны салбараа нээж байсан “Хаан Бууз” кафе маань өнгөрсөн 10 жилийн хугацаанд өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж, багагүй туршлага хуримтлуулан, нийтийн хоолны зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн Монголын Үндэсний Түргэн Хоолны Сүлжээ болон өргөжжээ.
МҮТХС “Хаан Бууз” кафе нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 25 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй орон нутаг дахь анхны салбар болох “Хаан Хүнс-Эрдэнэт” салбарыг Эрдэнэт хотод 2007 оны 8-р сараас үйл ажиллагааг нь эхлүүлэн, амжилттай ажиллаж байна.
“My Great Khaan” ХХК буюу МҮТХС “Хаан Бууз” кафе нь Монголд анх удаа нийтийн хоолны салбарт Франчайзийн хэлбэрийг амжилттай нэвтрүүлж чадсан юм. Манай компанийн үйл ажиллагааны онцлог нь МҮТХС “Хаан Бууз” брэндийн эрх эзэмшигчдийнхээ үйл ажиллагаа болон үйлчилгээнд хяналт тавин, байнга заавар зөвлөгөө өгөн, амжилттай хамтран ажиллахад оршино.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжсөн энэхүү амжилт нь дэлхийд алдартай Мак Дональдс сүлжээний менежерийг урьж авчран, хамтран ажилласнаас гадна компанийнхаа төлөө ур чадвар, мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж байсан чадварлаг боловсон хүчнүүдийн маань үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм. Мөн бидэнтэй нягт хамтран ажилладаг бизнесийн түншүүд, харилцагч, үйлчлүүлэгчдийн бидэнд ханддаг халуун итгэл сэтгэл, дэмжлэг нь бидний үйлс бүтэмжтэй, өөдрөг байхад ихээхэн нөлөөлдөг билээ.
Иймээс манай хамт олон бид өнөөгийн хүрсэн амжилтаа улам ахиулж, үргэлж шинийг эрэлхийлэн, эрүүл хүнс, чанартай үйлчилгээг эрхэм зорилгоо болгон ажиллах болно.
Манай компанитай хамтран ажиллахыг хүссэн хүн бүхэнд манай үүд хаалга байнга нээлттэй байх болно.
Анхаарал тавьсанд баярлалаа,
С.ОЮУНБИЛЭГ
“MY GREAT KHAAN” ХХК-НЫ ЗАХИРАЛ
|